Friday, February 22, 2013

Д.Сүрэнжав - Хөвсгөл /найраглал/



Үйлэн хөх тэнгэрийн дор
Хүний гэрэлт ертөнцийн дээр
Мөнхийн од Мөрөн хот оо.
Дэлгэрхэн Мөрнийхөө
Дэлгүүхэн хөвөөнд
Шил толь шиг
 Шигтгээ чимэг шиг
Гялалзуулсан, Гялтгануулсан
Аймгийн минь алдар суу


Оршил нь Хөвсгөл
Оргил нь Бүрэнхаан
Урсгал нь Дэлгэрмөрөн
Уянга нь Дэлтэй цэнхэр
Хөвсгөл чинийхээ
Хөрсөн дээгүүр хөрвөөж
Хөвсгөл чинийхээ
Хөвч тайгаар хөлхөж
Өссөн үрс чинь
Өөдлөсөн иргэд чинь
Бадаг шүлгээ өргөн барья
Баранзад хадгаа дэлгэн барья
Хөвсгөл
Чин зоригт Чингүнжавын
Халуун цус хөрсөнд нь шингэсэн
Хатан зоригт хүмүүс нь тодорсон
Мянганы холоос дуутай
Мартахын аргагүй цуутай
Мэлмий урт миний нутаг
Өлмий бат өвгөдийн өлгий.
Хөвсгөл
Наран өөд тэлгүүлэх
Насны уртад тэмүүлэх
Саруул хэтийн сайхан замтай
Омог төгөлдөр олон ястны
Арван зүгтээ бадармал
Ассан чигтээ цацармал
Амилан бадрах
Ашдын хүслэн.
Хөвсгөл
Өлийн халзан давааны
Өнө эртний овоо
Өргөн алаг Шишгэдийн
Өнөр баян хөндий
Тоомын халзан давааны
Торойх нарийн харгуй
Тосон Сүмбэр уулын
Тодрох өндөр оргил
Хөвсгөл
Жарантайн намагт бэлчих
Жаран түмэн хонь
Жавхлан бадрааж уянгалах
Жавар нүдтэй бүсгүй
Далийн цэцэг ягаарах
Дархад нутгий үзэмж
Даамай холоос дуурсах
Даян дээрхийн агуй
Хөвсгөл
Хаа холоос сүмбэрлэсэн
Ханагар их Дэлгэрхаан
Хан тэнгэр өехийдсөн
Халил өндөр Хорьдол Сарьдаг
Ханан хаднаас олгойдсон
Хатан ушгийн хүрхрээ
Хөвсгөл
Саранд толиорон цэлэлзэх
Сайхан Тэсийн мяралзаан
Салхинд хээтэн мэлтэлзэх
Сангын далайн туналзаан
Саваа халин үелзэх
Саруул Эгийн давалгаан
Салааран гогцоорч урсах
Сайхан Идэрийн долгион
Хөвсгөл
Хангал бугын уул билээ
Халтар цааны нутаг билээ
Халиу бугын орон билээ
Харлаг гахайн тайга билээ
Цагаан загасны нуур билээ
Цахлай хунгийн мөрөн билээ
Хөвсгөл
Хөөсрөн цайрах
Хөхрөн хуйлрах
Хөвөлзөн давлах
Хөх цэнхэр далай билээ.
Хөвсгөл
Хөвөн сэлж
Хөлхөн явах
Хөндлөн гулд
Хөвчлөн дүүлэх
Хөлөг сайхан онгоцтой билээ.
Хөвсгөл
Монголын нэгэн Швейцар билээ
Молор эрдэнийн өлгий билээ
Тансаг тарианы талбар билээ
Таван эрдэнийн тал билээ
Хар алтны уурхай билээ
Хатан төмрийн хүдэр билээ
Хөвсгөл
Гэгээн дурсгалт Гэлэгбаатарын
Дайчин, Хилчин Даваадоржийн
Дархан аварга Дамдингын
Алтан соёмбот Нанзадын
Атрын баатар Гүндсамбуугийн
Өрцнөөс сүлбээтэй өлгий нутаг
Эсийн хэлхээтэй эх орон.
Буман олны буян заяа
Есөн хүслийн ерөөл хишиг
Халгиж байдаг
Цалгиж байдаг
Минжийн сор шиг гялалзсан
Миний төрсөн Хөвсгөлд
Халх, Буриад, Урианхайн
Хотгойд, Дархад, Уйгарын
Төө зайгүй
Төрсөн үрс
Өсөж өөдөлж
Сурч судалж
Ажиллаж амьдарч
Эх орноо хөгжүүлнэм
Эрх чөлөөгөө бадруулнам
Эрин үеэ дэгжүүлнэм
Энх тайвнаа бэхжүүлнэм.



2 comments:

  1. үнэхээр их баярлалаа. их хайж байсан юм

    ReplyDelete
  2. The Star at The Star at The Star - JTHub
    Enjoy a 보령 출장샵 day of 속초 출장샵 luxury 경주 출장안마 at The Star at The Star, The 평택 출장샵 finest hotel and casino in Western Australia. 의왕 출장샵 From luxury suites to luxurious apartment and condo

    ReplyDelete