Thursday, May 22, 2014

П.Бадарч - Адуу

Адуу - Таван хошуу малын минь нэг
Адуу - Таван хошууны нэг ч юм бил үү?
Адуу - Тахил сүлдэн дунд минь эзэнтэйгээ бий
Адуу - Тал Хангай Говь гурвал нутагт минь бий
Хонь, үхрийн бэлчээр тахчиж ойр эргэлдэхгүй
Хол сэрмүүн хээрт үс нь онголж атарлан
Хоногын шөнөдөө босоо зүүрмэглэн сэрэх
Хорвоогийн сэргэлэн амьтан адуу гэдэг сайхаан

Аюулт мангасыг дарах үлгэрт ч баймгүй дайнд
Ах нарыгаа хүн нь сум болж тулалдахад
Аль л өнгөтэй өөдтэйгөө тэмтээж сарвайх цагтаа
Адуугаа л хураасан минь Монгол бэлэгийн дээд ээ!
Зээргэнэ Бударгана ч цэцэг дэлгэм зундаа
Зээглэн ирсэн хун галууны дуун дор
Зэл чагт нь цахлаж омогдон чарлах
Зээрэн хөлт унагад нь ч ертөнцийн нэг хөөрхөөн.
Чонон хоёр чихийг нь сортолзууланхан
Цоролзох дөл шиг гөхлий нь согсогзууланхан
Цомбон дөрвөн туурайг нь тачигнууланхан
Цовоо сэргэлэн адуугаа хурааж явах нэг сайхаан.
Ширхэг бүр нь эрдэнэ адуугаа илчихээд
Ширэг зүлгэн дээр морины тухай ярилцаж ээ суухад
Шинэхэн юүлсэн хүлэг минь Амгай хэмлэн шилгээхүй
Ширмэн гөлмөн дээрхи хөх дөрөө ханхан хийх нь дуудлага байдаг аа.
Торгон дэлбээт цэцэгийг гишгэлээ ч хугалдаггүй
Тогос сүүлээ самбайж бэлчих адуун дунд чинь
Тод магнай торгон жолоо ч олон бий
Тохом эмээлгүй сулдаа жороо ч бэлэн бий.
Үрээ хараад эвлэх уураг сүү нь хөхүүрт
Үсчин шуугиж исэхдээ өрнийн дарснаас хатуу ч
Үрс гаргах найрынхан гурван өдөр согтуугүй
Үнэхээр буянт адууны шим айраг цагаан
Арвин тунгалаг усны үнэр авсан адуугаа
Араас нь бараадасхын овоон дээрээс харж ээ зогсоход
Цаашаан цувах Азарга азаргаар адуу минь
Хуучин Монгол бичигээр таталсан шүлэг шиг л харагддаг даа.
Хошуу нутаг алгасаж ижилдэж гүйсэн домог
Хур дэлээн намируулаж ижилээн үүрсэх нь уянга
Хувьсгал хийлцсэн унаа энэ адуун сүрэг
Хууль номонд дархлам амьтны нэгэн сор юм шүү.
Адуу шиг бушуухан унтаж шувуу шиг түрүүхэн сэрж
Ахуй Монгол нутагаа эзэн бид хайрланам
Агт морьдынх нь үүрсэхэд хуур хөглөгдөж
Арван хуруунд хуур минь адуу шиг үүрсэх юм.
Адуу - Таван хошуу малын минь нэг
Адуу - таван амьд эрдэнийн минь нэг
Адуу - тахил сүлдэн дунд минь эзэнтэйгээн бий
Адуу - тал хангай говь гурвал нутагт минь дүүрэн бэлчиж байх болтугай.







No comments:

Post a Comment